Оймс

Оймсыг МЭӨ VIII зууны үед эртний Грект хөлөө хамгаалах болон дулаан байлгахын тулд амьтны үсээр хийсэн оймс өргөн хэрэглэдэг байсан баримт байдаг. Тэр үед оймс нь өнөөгийн бидний мэдэх оймсноос тэс өөр байжээ. Амьтны арьсны үлдэгдлээр нь хөлөө ороож шагайг хүлсэн байдалтай анхны загвар гарснаар хөгжлийн явцад хэдэн зууны туршид хувьсан өөрчлөгдсөөр ирсэн байна. Грекчүүд амьтны дулаан үс ноосорхог хэсгийг ашиглан оймс хийж эхэлсэн ба сүүлд латинаар “сул углааш” гэсэн утгатай #soccus хэмээн нэрнээс гаралтай хөлөнд угладаг эдийг хийсэн юм. Үүнийг Ромын жүжигчид өмсдөг байжээ. МЭ V зууны үед Европт оймсыг #puttees гэж нэрлэдэг байсан бөгөөд хүмүүс өөрсдийгөө цэвэр, ариун гэдгийг харуулахын тулд оймсыг хэрэглэдэг байсан байна. МЭ 1000-аад оны үед оймс нь язгууртны бэл бэнчингийн илэрхийлэл болж байжээ. 1589 онд анхны нэхмэлийн машин бүтээгдсэнээр гар аргаар оймсыг нэхдэг болсноос 6 дахин их хурдтайгаар оймсыг хийдэг болсноор оймсны хэрэглээ үйлдвэрлэл, хэрэглээ эрс өссөн байна.

 

Оймсны хөгжилд гарсан нэг том хувьсал бол 1939 онд нейлон материал анх гарч ирснээр оймсонд 2 болон түүнээс дээш төрлийн утсыг хослуулан сүлжих боломжтой болсон юм. Өнөө үед хийц загвар, хамгаалах, дулаан сайн хадгалах зэргийг харгалзан үзэж оймсыг хэрэглээндээ өргөнөөр тохируулан хэрэглэх болсон билээ. Оймс нь өнөөгийн хүмүүсийн өдөр тутмын зайлшгүй хэрэглээ мөн боловч бараа бүтээгдэхүүнийхээ хувьд бусад хувцас хэрэглэлийн дагалдах бараа болсоор ирсэн билээ. Хэдийгээр дагалдах хэрэгсэл боловч загвар дизайн, чанарын асуудал өндрөөр тавигддаг. Хүний биений хамгийн их хөлс боловсруулдаг эрхтэнүүдийн нэг нь хөлийн ул юм. Тэгвэл оймс нь хөлсийг өөртөө шингээн, хөлийг дулаан байлгаж, биен дэхь бодисын болон дулааны солилцоог хангахад маш чухал үүрэгтэй оролцдог байна.

 

Өнгөний хувьд загвар зохион бүтээгчийн өөрийнх нь сонголтын дагуу өнгөний нийцлийг харгалзан зохиомжилж болох ба хэрэглэгч нь өөрийн ажлын онцлог болон хэрэглээнээсээ хамааруулж өнгө, загвараа тохируулж өмсөнө. Жишээ нь: ажил хэрэгч хүмүүс цагаан өнгийн оймс өмсөхгүй, костюмны болон гуталныхаа өнгө дагуу оймсыг сонгох жишээтэй. Бусад өнгийн оймсыг чөлөөт болон спортын хувцаслалтанд хэрэглэнэ.

 

Дан болон шагайгаар татсан богино түрийтэй оймснүүд нь ихэвчлэн спортын зориулалттай байдаг. Шагайны оймсыг өмссөн үед гутлын цаанаас оймсгүй мэт харагдуулдаг онцлогтой ба ихэвчлэн пүүз, кет зэрэгт өмсөхөд тохиромжтой. Харин өвдөгнөөс дээгүүр оймсийг даашинз эсвэл спортын дүрэмт хувцас өмссөн үед, тухайлбал хөлбөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг зэрэгт түлхүү хэрэглэдэг. Өвдөгнөөс дээгүүр оймс нь одоо үед эмэгтэй хүний хувцаслалтын нэгэн хэсэг хэмээн үздэг бол XIX зууны сүүл болон XX зууны эхэн үед эр эмгүй өмсдөг байжээ. Хурууны оймс нь яг л бээлий шиг хөлны хуруу бүрт зориулсан зайтай юм. Зарим нь зөвхөн эрхий хуруунд л тусдаа зайтай байдаг бөгөөд ингэснээр углааш гэх мэт хөнгөн гутал өмсөхөд тохиромжтой болгодог.

 

Хэмжээний хувьд Англи зэрэг зарим улсад оймсны размер нь гуталтайгаа адил байдаг, жишээ нь 9 размерийн оймс өмсдөг хүн нь 8-10 размерийн оймс өмсөнө гэсэн үг бол зарим оронд, тухайлбал АНУ-д размер хамаарахгүй хүний хөлны хэмжээнээс шалтгаалдаг. Оймсны урт нь шагай болон гуяны хэсэг хүртэл гээд янз бүр байдаг байна.

BiM